loader
Мэдрэлийн эмч Б.Саруулцэцэг: Амарна гэдэг нь телевизор үзээд хэвтэх биш

Мэдрэлийн эмч Б.Саруулцэцэг: Амарна гэдэг нь телевизор үзээд хэвтэх биш

“Түс Тас” ярилцлагын ээлжит зочин Б.Саруулцэцэг эмч. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн эмчээр ажилладаг түүний завгүй ажлын өдрүүд үргэлжилсээр. Амьдралын дадал зуршлаа зөв байлгах талаар уншигчдад маань тэрбээр чухалчлан анхааруулсныг дуулгая. Мэдрэлийн эмчтэй ярилцаж байгаа завшаанаа ашиглаад хүн амын дунд түгээмэл байдаг толгойны өвчнүүдийн шинж тэмдэг, шалтгаан, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тухайлан асуув.

 Л.Мажиггарав 

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-          Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-          Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн эмч Саруулцэцэг байна.


-          Эмч нартай ярилцах бүрд ямар нэг өвдөлт, эрүүл амьдралын хэмнэлтэй болох тухай яриа илүүтэй хөндөгддөг. Тантай ярилцах зорилго маань мөн л өвдөлт, тэр дундаа толгой өвдөх зовуурьтай хүн цөөнгүй болж байгаатай холбоотой. Уншигчдад маань ч энэ талын мэдээлэл чухал байгаа юм? 

-          Өвдөлт бол хүнд ямагт таагүй мэдрэмж төрүүлдэг. Гэхдээ хүмүүст өвдөлт мэдэрч буй мэдрэмж нь өөр өөр. Манай эмнэлгийн амбулаториор өдөр тутам олон зуун эмчлүүлэгч нар ирж  эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагддаг. Тэдэн дунд асар их өвдөлттэй хэрнээ жаахан л өвдлөө гэж хэлдэг хүн байна. Харин өвдөлт мэдрэгдэхгүй шахам байхад асар их өвдлөө гэдэг хүн ч бас байна. Үүнийг  хүний өвдөлтийг мэдэрдэг босгын ялгаа гэж нэрлээд байгаа юм. Эмнэлгээр ирж тусламж үйлчилгээ авч байгаа эмчлүүлэгч нарын дунд толгойн өвдөлт их байдаг, асуумж авч, шинжилгээ хийхэд ихэнх тохиолдолд анхдагч толгойн өвдөлтийн хэлбэр давамгайлж байна.

-          Анхдагч хэлбэрийн толгойн өвдөлт гэдэг нь юу гэсэн үг вэ?

-          Булчингийн гаралтай буюу толгойн хоргүй өвдөлт юм. Жишээлбэл, Мигрень болон багцалсан хэлбэрийн толгойн өвдөлтийн шинж тэмдэг түгээмэл байна. Мигрений хувьд эмэгтэй хүмүүс их өвддөг л дөө.

-          Булчингийн гаралтай толгойн өвдөлтийн шинж тэмдгүүдийг дэлгэрүүлэн тайлбарлаж болох уу?

-          Өдөр бүр өвдөнө, долоо хоногт 3-4 удаа өвдөнө, ихэвчлэн нэг байрлалд удаан суух, бүгчим орчинд удаан байх, хоол цайгүй удаан явах, стрессдэх, тайван биш байх, нойргүй хоносны дараа гэх мэт олон тохиолдолд булчингийн гаралтай толгойн өвдөлт үүснэ. Энэ хэлбэрийн толгойн өвдөлт нийт хүмүүсийн 80-90 хувьд нь байна. Үлдсэн 10-20 хувь нь хоёрдогч хэлбэрийн толгойн өвдөлт юм. Хоёрдогч хэлбэрийн өвдөлт гэдэг нь өөр өвчин эмгэгийн суурь дээрээс үүдэн илэрч болох өвдөлт.
Харин  анхдагч хэлбэрийн өвдөлт бол ямар ч шинжилгээгээр өөрчлөлтгүй гардаг, оношлогддоггүй хэрнээ хүмүүсийн хэвийн ажил амьдрал, сурч боловсроход сөргөөр нөлөөлдөг, үргэлжийн өвдөлт мэдрүүлдэг нь тухайн хүнээ таагүй байдалд хүргэдэг.

-          Та сая шинжилгээ оношилгоо гэж ярилаа. Хоёрдогч гэж нэрлээд байгаа толгойн өвдөлтийг оношлох шинжилгээ, тоног төхөөрөмж хангалттай байна уу?

-          Шинжилгээний тоног төхөөрөмж манайд байгаа боловч манай улсын хүн амын нягтаршил сийрэг орон нутагт төхөөрөмж тэр бүр байдаггүй учраас хугацаа алдаж оношлогддог. Зарим том тоног төхөөрөмжүүд зөвхөн улсын том эмнэлгүүд юмуу, хувийн эмнэлэгт л байдаг. Үүнээс болоод иргэд хүлээлттэй, дараалал ихтэй, хугацаа алдаж оношлогдон, эмчлэгдэж байна.

-          Толгой өвдөөд байгаа шалтгаануудыг тайлбарлаж өгөөч?

-          Ямар нэг өвчний суурин дээр үүсч байгаа толгойн өвдөлтийг хоёрдогч хэлбэрийн толгойн өвдөлт гэдэг.  Харин анхдагч бол угаасаа л нийт хүн амын 80-90 хувьд байгаа шүү дээ. Амьдралын буруу хэв маягаас шалтгаалж байгаа юм. Хангалттай сайн нойр аваагүй болон дасгал хөдөлгөөн хийгээгүйгээс үүдсэн гэсэн үг.

-          Тархины судасны нарийсал гэж ямар өвчин байдаг бол. Хүмүүс ихэвчлэн өөрсдийгөө тархины судасны нарийсалтай гэж ярих юм?

-          Тархины судасны нарийсал буюу тархины судасны хатуурал гэж нэрлээд байгаа өвчин нь өөх тосны солилцооны алдагдал, тухайн хүний насжилт, хорт зуршлаас хамааралтайгаар судасны хананд гарч буй өөрчлөлт юм. Өөрчлөлтөөс судасны хөндийд үүсч буй зузаарал, товруунуудаас хамааралтай хөндий багасаад нарийссаныг тархины судасны нарийсал гэнэ. Тархины судасны нарийсал гэдэг оноштой гэж эмчлүүлэгч нар их хэлдэг. Тухайн нарийсал үнэхээр үнэн баттай эсэхийг шинжилгээ хийж шалгах хэрэгтэй. Үүнийг шинжлэхэд тархины судасны өнгөт  хэт авиан шинжилгээ хийдэг. Тус шинжилгээний арга нь эмчлүүлэгчдэд хор нөлөөгүй, үнэ өртөг багатайгаас гадна эмчид  дараагийн шинжилгээг төлөвлөх, эмийн эмчилгээ зөвлөхөд нь дэм болдог. Манай эмнэлэгт уг шинжилгээг 2021 оны 8 сараас нэвтрүүлж ажиллаад байна. 

а

-          Эмчид үзүүлэхгүйгээр зарим хүн толгой өвдөлтийн үед өвчин намдаах, тархины тэжээл, цусан хангамж нөхөх зэрэг эм уудаг. Хэр сөрөг нөлөөтэй вэ?

-          Гаж нөлөө их. Өвдөлт намдаах эмнүүд ходоод гэмтээдэг. Оношийг нь тодруулаагүй байж эм хэрэглэх нь үргэлжлүүлэн толгой өвддөг зовуурьт хүргээд байна. Энэ нь тухайн эмийн хамааралтай болж байгаа гэсэн үг л дээ. Хэдэн жилээр ч хамаагүй үргэлжилдэг. Мөн түүнээс цаашлаад харшил өгч амь насанд хүрэх ч магадлалтай. Эмийн замбараагүй хэрэглээ нь ходооны шарх их үүсгэдэг. Иймд иргэд мэргэжлийн эмчийн хяналтан доор тохирох эмээ тогтсон дүрэм журмын дагуу ууж хэвших хэрэгтэй.

-          Эмийн хэрэглээгүйгээр өвчин болон өвдөлтийг намдаах, эмчлэх боломж байдаг уу?

-          Байгаа шүү дээ. Миний дээр дурдсан анхдагч толгойн өвдөлт буюу булчингийн гаралтай толгойн өвдөлтийн үед бол өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийж, хангалттай нойр авахад бүрэн эмчлэгдэнэ. Эмээс татгалзана гэдэг бол дараагийн хүндрэл бэрхшээлд өртөхгүй гэсэн үг.

-          Ковидоор өвчлөөд эдгэсэн хүмүүст толгой өвдөлт, марталт гэх шинж тэмдгүүд байх шиг байна. Үүний тухай дэлгэрүүлэн тайлбарлаж болох уу?

-          Ковидоор өвдсөн хүн бүрд ямар нэгэн байдлаар зовуурь, шинж тэмдэг илэрч байна. Ямар зовуурь ямар хүнд илрэхийг хэлж мэдэхгүй байна. Бид тухай бүрд нь шинж тэмдэг дарах эмчилгээ хийж байгаа. Цус шингэлэх эмчилгээ хийлгэж ханиад томуу хүрэхгүй байх хэрэгтэй байна. Мөн дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Зөвхөн эмнэлэг гэхгүйгээр хувь хүн өөрөө ч өөрийн эрүүл мэнддээ анхаарах ёстой.

-          Мэдрэлийн ядаргаа тусчихсан гэж ярьдаг. Мэдрэлийн ядаргаа гэж чухам юу вэ?

-          Амьдралын буруу дадлаас шалтгаалж байгаа юм. Ажлын цагтаа ажиллаж амрах үедээ амарсан шиг амрах хэрэгтэй. Амарна гэдэг бол телевизор үзээд хэвтэх биш шүү. Витамин эмчилгээ ч хийлгээд тухайн үедээ үр дүн сайн байх хэдий ч байнгын дасгал хөдөлгөөн хийх, чанартай эрүүл хоол хүнс идэх ёстой.

-          Менингит гэдэг өвчин байдаг. Менингит өвчин аль насныханд илүү түгээмэл байдаг вэ?

-          Бүх насныхан өвдөнө. Хэн ч хэзээ менингитээр өвчилж болно. Толгой хүчтэй өвдөнө, халуурна, бөөлжинө гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тархи нугасны усны шинжилгээгээр менингитийн аль хэлбэр болохыг оношилно.

-          Өвчлөх арга зам, эмчлэх ухаанаас хуваалцаач?

-          Шинжилгээний хариу гарахад ерөнхий нян, вирус, мөөгөнцөр, сүрьеэгийн шалтгаантай эсэхийг оношлоход чухал. 

-          Хэдэн жилийн дотор эмчлэгдээд бүрэн эдгэх боломжтой вэ? Тэр хугацаанд давтагдах боломж бий юу?

-          Үүсгэгчээс хамааран эмчилгээ хийгдэнэ. Харин сүрьеэгийн гаралтай менингитийн хувьд заавал сүрьеэгийн эмээ уух шаардлагатай. Тиймээс тархи нугасны усны шинжилгээ хамгийн түрүүнд авдаг. Ихэнх тохиолдолд бүрэн эдгэрдэг боловч энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс дахин өвчлөх боломжтой. Хүнд  халдвар авах, толгой орчмын идээ буглаа зэрэг үрэвслийг дур мэдэн өөрсдөө эмчлэх,  зэрэг нь тухайн хүний амь нас ч эндэх эрсдэлтэй.

-          Та сая амь насанд ч эрсдэл бий гэж хэллээ. Багадаа менингит туссанаас үүдээд сонсголын, харааны бэрхшээлтэй болчихсон гэж хүмүүс ярьдаг юм билээ. Энэ талаар дэлгэрүүлэн тайлбарлаж болох уу?

-          Менингит гэх эмгэг нь хүнд өвчин, амь нас нь эрсэх цөөнгүй.  Тархины үрэвсэлт өвчин хүнд, хөнгөний байдлаас хамаарч уналт таталттай ч үлдэх, сонсголгүй, хараагүй болох зэрэг сөрөг нөлөө олон байдаг. Ялангуяа, сүрьеэгийн гаралтай менингитийн үед ийм тохиолдол байсан. Цаг алдахгүй оношоо тодруулж эмчлүүлэх шаардлагатай.

-          Тархины хавдар хэрхэн үүсдэг бол.  Тархины хавдартай болохоосоо өмнө хүмүүс урьдчилан сэргийлж болох уу?

-          Тийм арга зам байхгүй ээ. Энэ өвчин бол хоёрдугаар төрлийн толгойн өвдөлт буюу нэг өвчний суурин дээр үүссэн өөр нэг өвчин юм. Хавдар нь хортой юу, хоргүй гэдгээс хамааран эдгэрэлт нь өөр байдаг. Эдгэрэхгүй тохиолдол ч байдаг.

-          Заа баярлалаа. Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөх гэж байна. Ярилцлага эхлэхээс дуусах хүртлээ дасгал хөдөлгөөнөөр эмчлэх тухай ярилаа шүү дээ. Тэгэхээр дасгал хөдөлгөөн нь аль нэг өвчнөөр өвдөхгүй байх, өвдсөн ч түргэн эдгэрдэг эмийн хэрэглээнээс илүү эмчилгээ байх шиг байна. Та энэ талаар дэлгэрүүлэн тайлбарлаж өгч болох уу?

-          Тийм. Зөв дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, унтаж амрах бол хамгийн сайн урьдчилан сэргийлэх, эмчлэх арга юм. Энэ дотроос дасгал хөдөлгөөн нь хамгийн сайн нь юм.  Эмийг зохистой хэмжээнд хэрэглэж, амьдралын цөөхөн хэдэн дүрмийг баримтлаад явчих хэрэгтэй гэж би үздэг. Хувь хүн өөрөө хичээхгүй бол эмээр эсвэл эмч эмчилгээ бичиж эмчлэх гэж оролдоод ч нэмэргүй юм. Тиймээс нэгдүгээрт, суугаа ажилтай хүмүүс ажлын цагаараа ширээний ард суухдаа зөв суух хэрэгтэй байна. Хоёрдугаарт, албан байгууллагууд ажлынхаа дундуур ажилтнуудаа хөдөлгөөн  хийлгэж хэвшүүлэх шаардлагатай. Гуравдугаарт, интернэт цахим орчны зохисгүй хэрэглээнээс татгалзах чухал. 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

2019 онд улсын төсөвт төвлөрүүлсэн татварын нийт орлогын 24 хувийг НӨАТ-аас бүрдүүлжээ

Өнгөрсөн онд Монголын татварын алба улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн гэдгийг Татварын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэлсэн билээ. Тэгвэл нийт төвлөрүүлсэн орлогынх

Шинэ коронавирусийн дэлхийн болон Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл

Голомт банкны нөөцийн удирдлагын газрын арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэ болон Эдийн засаг, судалгааны албаны макро эдийн засагч Г.Батзориг нар шинэ коронавирусийн дэлхийн болон монголын эдийн

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд тэр дундаа махны үнэ 350-644 төгрөгөөр нэмэгдсэн тухай бид өмнөх нийтлэлээрээ хү