loader
Э.Бат-Өлзий: Өөрийн амьдралын хэв маягаар өтгөнөө хэвийн байлгаж чадахгүй бол заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй

Э.Бат-Өлзий: Өөрийн амьдралын хэв маягаар өтгөнөө хэвийн байлгаж чадахгүй бол заавал мэргэжлийн эмчид үзүүлээрэй

Сайн байна уу?

-          Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-      Намайг Эрдэнийн Бат-Өлзий гэдэг. 1999 онд Анагаах Ухааны Их сургууль төгссөн. Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчээр 25 жил ажиллаж байна. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.

-          Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?

-          Би нэгдүгээр эмнэлэгт л анх ажилд орсон. Өнөөдрийг  хүртэл эндээ л ажиллаж байна.

-          Их сургуулиа төгсөөд шууд ажиллаж эхлэв үү?

-          Үгүй ээ, Би Анагаах Ухааны дунд сургууль төгсчихөөд шууд энэ эмнэлэгт сувилагчаар ажиллаж байлаа.

-          Эмч болох хүсэл мөрөөдөл юунаас, хэзээнээс эхэлсэн бэ?

-          Юм их сонин шүү дээ. Арван жилээ төгсөхөд цагдаа, биеийн тамирын багш гээд л олон мэргэжил бодогдсон. Гэхдээ надад Анагаах ухааны сургуулийн хуваарь таарахаар эмч нь илүү сонирхолтой юмуу, эмчээр л суръя гэж бодогддог юм билээ. Нэг түүх ярья л даа. Арван жилийн сургуулийн сурагч байхдаа нэг найзындаа очтол ээж нь эмч байсан. Тэдний ээжийнх нь эмчийн цагаан халаадтай зураг мөн эмчээр сурч буй хүмүүст зориулсан ном нэлээд олон байлаа. Тэр болгоныг харах маш сонирхолтой санагдсан.

-          Эмч болох сонирхлын эхлэл найзын тань ээжийн тэр олон зураг, номнуудыг харснаас бас эхэлсэн байх нь ээ.

-          Тийм, тэгж хэлж болно. Гэхдээ гэнэт л сонгосон доо. Одоо бол зөв мэргэжлээрээ сурсан гэж боддог.

-          Эмчээр сурахаар болсныг нь гэр бүлийнхэн тань тухайн үед яаж хүлээн авч байв?

-          Чи чадах уу?, Бэлэн үү? л гэж асуусан. Би чаднаа л гэсэн дээ. /Инээв/

-          Яагаад заавал бүдүүн, шулуун гэдэсний эмч мэргэжлийг сонгосон бэ?

-          Би бөөрний мэс заслын тасагт сувилагчаар ажиллаж байсан. Анагаахын дунд сургууль төгсөөд сувилагчаар ажилласан гэсэн үг л дээ. Дараа нь бөөрний мэс заслын эмчээр ажиллаж байсан чинь манай нэгдүгээр эмнэлгийн бүдүүн, шулуун гэдэсний тасагт эмчгүй болчихлоо гээд намайг энэ тасаг руу түр шилжүүлсэн. Түүнээс хойш эндээ л байна. Мэргэжил дээшлүүлэх, мэргэших олон сургалтад суусан. Эмчийн мэргэжил чинь үргэлж сурч байх ёстой мэргэжил шүү дээ. Хятад, Солонгос, Герман, Орос, Австри гээд орнуудад ч богино хугацааны олон сургалтуудад сурч байлаа.

-          Тэгэхээр та ч олон жил бүдүүн, шулуун гэдэсний эмчээр дагнан ажиллаж байгаа асар их туршлага хуримтлуулсан эмч байна шүү. Асуух асуулт ч бишгүй олон байна. Сүүлийн үед хүмүүс өтгөн хаталтын тухай их ярьдаг болсон. Урьдчилан сэргийлэх бас эмчлэх олон арга байдаг бололтой. “Өтгөн хаталт” гэж ер нь ямар өвчин бэ? Та энэ талаар дэлгэрүүлэн тайлбарлаж өгч болох уу?

-          “Өтгөн хаталт” гэдэг бол гэдэсний үйл ажиллагаа, амьдралын хэмнэл, сэтгэл санааны байдал, сэтгэцийн өөрчлөлт, зан заншил, хоол тэжээл, дасгал хөдөлгөөн зэргээс шалтгаалдаг, олон зүйлийн нийлмэл бүрдлээс бүрддэг үйл ажиллагааны эмгэг юм. Энэ өвчнийг оношлох, эмчлэх гэдэг бол их хүнд ажил л даа. Манай оронд төдийгүй Дэлхийн улс орнуудад ч эрсдэлтэй асуудал дагуулсан эмгэгдээ орсон өвчин юм. Бас нийгэм болон хувь хүний эдийн засагт их хэмжээний хор нөлөөтэй, зардал өндөртэй өвчин. Бүрэн эмчлэгдэх боломж бараг үгүй. Дараагийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх юмуу, тухайн өвчтөнд мэдрэгдэж буй зовиурыг арилгах л эмчилгээ бий. Хамгийн чухал  нь өөрт таарсан эмчилгээ, хоол хүнс, дасгал хөдөлгөөн юм.  

-          Төрөлхийн урт,  бүдүүн гэдэстэй хүн гэж байдаг юм билээ? Энэ нь өтгөн хаталтад хэр их нөлөө үзүүлдэг вэ?

-          Ихэнх шалгаан нь үүнээс үүдсэн байна. Гэдэсний байрлалын эмгэг, хөндлөн гэдэсний унжилт, бэхэлгээ сул, мухар гэдэс сул хөдөлгөөнтэй, чацархай урттай, мэдрэлийн эмгэгүүд, бамбайн булчирхайн хэт томролт, хордлогын үед гээд олон төрлийн өвчлөлтэй үед өтгөн хаталт явагдаж байдаг. Тэгэхээр тухайн хүндээ тааруулж эмчилгээ л бичиж өгч, эмчлэх ёстой л доо. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл.  Бас шинжлэх ухаанаар манайхантай төстэй бор арьстай хүмүүс ихээхэн өтгөн хатах зовиуртай байдаг хэмээн батлагдсан явдал ч бий.

-          Өтгөн хаталттай хүмүүсийг гурил битгий ид гэж гурилыг хориглох нь зөв үү?

-          Хэн хориглов.

-          Өтгөн нь хатдаг хүмүүс  гурил ерөөс идэхгүй, ихэвчлэн ногоо идэх ёстой гэх мэтээр яриад байдаг?  

-          Үгүй шүү дээ. Хүн гэдэг цаанаасаа мах, сүү, жимс ногоо хэрэглэдэг. Энэ чинь байгалиасаа өгөгдсөн өгөгдөл юм. Шинжлэх ухаанаар батлагдсан. Бүдүүн гэдэсний цүлхэнт өвчин үүсэхэд хоол тэжээлийн өөрчлөлтүүд их нөлөөлдөг л дөө. Бүдүүн гэдсэнд шимэгддэггүй удаан задардаг хүнс гэдэсний хөдөл-гөөнийг сайжруулдаг. Цагаан гурил хэрэглэн гэдэг бол хүн төрөлхтөнд дай-сан боловч бор ширхэгтэй гурил, арвайн гурил нь гэдэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаа юм. Нэг бүр ташаа ойлголт байна. Хүмүүс хивэг, овьёосыг эрүүл хүнс гэж бодон ихээр хэрэглэж байна. Овьёос, хивэг гэдэг үгийг Я.Цэвэлийн “Монгол хэлний дүрмийн толь”-ноос нэг хараад үзээрэй. Нэгдүгээрт -  малын тэжээл, хоёрдугаарт - үр тарианы хог хаягдал гэж байгаа юм. Тэгэхээр хүн хэрэглэхэд тийм тохиромжтой бус. Ислэг ихтэй, жимс ногоо, амархан задрах юм хэрэглэх нь өтгөн хаталттай хүмүүс идэхэд илүү тохиромжтой. Нэг төрлийн хүнс хэрэглэж болохгүй. “Эко бүтээгдэхүүн” гэж ярьдаг, манай улсад эко бүтээгдэхүүн их ховор л доо. Нийлмэл хольцтой бүтээгдэхүүн хэзээ ч эко бүтээгдэхүүн болохгүй гэсэн үг.

-          Таны ярианаас сонсохоор өтгөн хаталттай хүмүүс цагаан гурил тэр тусмаа бууз, хуушуур, цуйванг өдөр тутамдаа идэж болно гэсэн үгүү?

-          Эмч нар тухайн өвчтөнийхөө шалтгааныг олохгүй байна. Тэгээд шууд үр тариа ид, арвайн гурил ид, ногоо ид гээд л байх юм. Мөн гүйлгүүлдэг буюу туулгадаг эмнүүдийг ч их бичиж өгч байна. Туулга нь тухайн үедээ, уусан үедээ л гаргадаг. Дараа нь гэдэс хов хоосон болно. Тэгтэл гэдэс дүүрсэн үедээ л доошоо илүүдлээ гаргахаар зохицуулагдсан эрхтэн юм. Мөн өтгөн хаталтанд хүргэдэг шалтгаануудын нэг бол охид бүсгүйчүүдийн зохисгүй, буруу хоолны дэглэм. Бүдүүн гэдэс дүүрэн үедээ л илүүдлээ гаргадаг гэсэн шүү дээ тэгтэл бага хэмжээгээр хоол идээд гэдсээ дүүргэхгүй явсаар зохиомол өтгөн хаталт үүсгэж байна. Хоолны дэглэмтэй хүмүүс 5-6 хоногийн зайтай л хүндээр бие засдаг. Ингэж явсаар сүүлдээ дэглэм бариагүй үедээ ч өөрсдөө өтгөнөө гаргаж чадахаа больдог. Мөн хөдөлгөөний алдагдлаас болж өтгөн хатаж байна. Өдөртөө заавал алхах ёстой л доо. Бас тэгээд өтгөн хатдаг хүмүүсийг ус их хэмжээгээр уу гэдэг. Гэтэл шингэн нөхөх хэмжээнд сайн боловч эрдэс багатай цэвэршүүлсэн ус их хэрэглэх нь бөөр чулуужих эрсдэлтэй юм. Шингэн нөхөхөд хамгийн сайн нь хар цай, ногоон цай гэж шинжлэх ухаанаар баталсан байдаг. Цай, хоолны давс кали болон нартийнхаа нөлөөгөөр хэвлийн болон гэдсэн доторх шингэнийг тэнцвэржүүлж, ус шингээх, шүүрүүлэх үйл ажилгагааг зохицуулдаг. Үйлдвэрийн ус эрдэс байхгүй. Их хэрэглэвэл бөөрний чулуужилт үүсэх эх үүсвэр. Хийтэй ундаа, энержи дринк зэрэг шингэн нөхдөггүйг анхаарах ёстой.


-          Өтгөнөө гаргахгүй 7-10 хонох юмуу түүнээс их удвал хүний биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-          Архаг өтгөн хаталттай хүмүүс харахад л андашгүй байдаг. Тухайн хүний царай нь хар саарал, батгашсан, арьс хуурай хөхөлбөр байдаг. Хоёр хоногт нэг буюу 36-48 цагийн дотор хүн өтгөнөө гаргах ёстой. Энэ бол хэвийн үзэгдэл. Гэтэл тэгж суллахгүй бол өтгөн хаталт гэж яриад байгаа юм. Үүнээс болоод хүний биед мэдрэл, сэтгэц, дотор эрхтний өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Тиймээс хүмүүс өөрсдийн царай, өтгөнөөр бие засаж буй хугацаа зэргээ сайн хянаж байх ёстой. Хэвийнээс хэтэрвэл хоолоо зохицуулж, хөдөлгөөн дасгал хийж, дараагийн шат болох мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. 

-          Бүдүүн гэдсээ дурандуулна гэж ярьдаг. Бүдүүн гэдэсний дурангаар өтгөн хаталтын шалтгаан оношлогдох уу?

-          Өтгөн хаталтыг эмч нар дурангийн шинжилгээгээр оношилж чадахгүй л дээ. Бүтцийн өөрчлөлттэй хавдар, ургацаг, шарх, улайлтыг оношилж, эмчилж болно. Үйл ажиллагааны гаралтай, байрлалын эмгэг гэж дээр дурдсан шүү дээ. Дэлхийд бүдүүн гэдэсний хөдөлгөөнийг бүрэн судалж чадаагүй байна. Ходоод, нарийн гэдсийг бол харьцангуй судалчихсан. Учир нь бүдүүн гэдэс олон төрлийн нийлмэл хөдөлгөөнтэй. Баруунаас зүүн чиглэлд нэг чигийн боловч хөндлөн гэдэсний дундаас эсрэг чиглэл үүсгэж даралтын зөрөөгөөр зүүнээс баруун гэсэн хөдөлгөөний дагуу хөдөлдөг. Бие засах механизм чинь гэдэсний үйл ажиллагааны хүнд асуудал шүү дээ. Анагаах ухаан өтгөн хаталтыг эмчилж чадахгүй зохицуулж л чадна. Сэтгэл гутрал,  айдас хүртэл бүдүүн гэдсийг хямрааж байдаг.

-          Ямар хоолыг зөв хооллолт гэдэг вэ?

-          Би зөв хооллолт гэдэг нэршил, зөв хооллолтыг ерөөс ойлгодоггүй. Зөв гэж яригдаж буй бол болно, болохгүй л гэсэн үг. Идэх юмныхаа хэмжээ тунг л зохицуулчихвал ерөнхийдөө зөв буюу зохистой гэж хэлэх юм даа. Нэг төрлийн юмыг их битгий хэрэглэ. Өөрт таарахгүй, зохимжгүй юмыг хэрэглэх гэж хичээх хэрэггүй. Ялангуяа орой битгий ид гэдэг үзэл зохимжгүй. Оройны хоолны хэмжээг тааруулах л хэрэгтэй. Давс, саахар, цагаан гурил зэрэг ч үүнд хамаарна шүү. Тааруулаад л хэрэглэх хэрэгтэй.

-          Танай эмнэлэгт бүдүүн, шулуун гэдсээ үзүүлэхээр олон хүмүүс ирдэг  байх даа.

-          Ачаалал бол их байгаа. Гадуур хувийн эмнэлгүүдээр ч олон хүмүүс очиж үзүүлж байх шиг байна. Ихэнх нь зөв оношлогдохгүй, зөв эмчлэгдэхгүйн улмаас хоолны дэглэм зэргээс эхлэн асар их хэмжээний санхүүгийн хямралд орсоор байна. Манай оронд чинь оношлох оношилгооны бодит байдал, оношилсныхоо дараа зөвлөгөө бичиж өгөөд зөвлөгөөнийх нь дагуу эмээ авъя гэхээр эмнүүд олдоц муу голдуу туулганы төрлийнх л байдаг. Ийм байхад тэр хувийн эмнэлэг муу эсвэл сайн, манай эмнэлэг ч бүр сайн гэж хэлэх боломж, эрх бидэнд байхгүй. Энэ төрлийн эмгэгийн оргил үе манай оронд удахгүй тулгарах биз. Эмч нар маань тухайн өвчинд тохирох хүнсний бүтээгдэхүүн, дасгал хөдөлгөөн, эм бэлдмэлийг санал болгож, зовиурыг нь багасгах эмчилгээ зөвлөх байх. Бас нэг асуудал нь хүмүүс хаана сайн эмч байна, сайн эмнэлэг байна гэж хайдаг. Сайныг хайгаад ирэхээрээ л алддаг шүү дээ. Ер нь бол хүн өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж үзүүлж байх учиртай. Уг нь бие нь эрүүл бол ажлыг сайн хийнэ. Харин манайхан бол ажилтай байвал бие эрүүл байна гэж бодоод биеэ үзүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд орохдоо маргааш, нөгөөдөр гэж хойш тавьж, ажлаа чухалчилдаг.

-          Хүүхдүүд бас өтгөн хатах зовиуртай байгаад байна. Хүүхдээ өтгөн хаталттай үед ээж нь клизм эсвэл Япон ягаан эмийг өгч гаргуулаад байна. Энэ зөв үү?

-          Би хүүхдийн эмч биш л дээ. Гэхдээ хүмүүс их гуйдаг. Тэгэхээр би зарим тохиолдолд үзлэг хийдэг. Хүүхдэд бүдүүн гэдэсний эмгэг их байдаг. Төрөлхийн бүдүүн гэдэсний агшилттай, мэдрэгжүүлэлт сул, хэсэг газар алдагдалттай зэрэг эмгэгүүд байна. Жаахан байхдаа оношлогдохгүй байж байгаад 5-6 насандаа оношлогддог. Тэгэхээр аав ээж нар шууд клизм тавиад, ягаан эм уулгаад байна. Эмч нар ч тэгж зөвлөөд буруудаад байна. Тэгтэл гадны орнууд химийн бодис ялангуяа туулганы эм хэрэглүүлэхгүйгээр жимс, жимсний бэлдмэл их хэрэглэдэг. Инжир жимс хүүхдийн өтгөн хаталтанд их сайн нөлөө үзүүлдэг. Бас ээж нар үр хүүхдийнхээ хооллолтыг нь  маш сайн тааруулах хэрэгтэй байна.

-          Алимны цуу бүдүүн шүлуун гэдэсний нимгэрэх байдлыг нэмдэг үү?

-          Би сайн судлаагүй л дээ. Гэхдээ энэ бол сайн эд биш. Хүйтэн зууш, хоолонд багаар хийж хэрэглэдэг зүйл шүү  дээ.

-          Өтгөн хатахад шар тосыг бөгсрүү нь хийдэг үзэгдэл зөв үү?

-          Бүрэн эмчилнэ гэвэл худлаа боловч шар тос байгаа үед хийх нь зөв. Хөдөө явж байхад, эмнэлэг хол байхад тийм нөхцөлд бол хийчихвэл тос гэсэн утгаар өтгөнийг зөөллөөд гарна гэсэн үг л дээ.

-          Клизм хийх нь хэр оновчтой гэлээ?

-          Үндсэн клизмийг анагаах ухааны хувьд усан, тосон, эмийн бодисон клизим гэж гурав ангилдаг. Усан клизмийг хэрэглэх тохиолдолд гэдэсний салст гэмтээх буюу бидний ярьдгаар өнгөргүй хэвийн бичил биетний тоог угааж цөөлдөг болохоор дэлхий нийтээр хэрэглээг нь эрс багасгаж зайлшгүй шаардлагатай үед хэрэглэх заалттай байдаг. Тосон клизим бол хэрэглэхэд хор хөнөөл багатай юм. Эмчилгээний зорилгоор эмийн бодисон клизмийг хэрэглэдэг. Юу нь илүү гэхээс илүү, юу нь зардал багатай эсэхийг судлах хэрэгтэй байна.

-          Олон хоног өнгөрчхөөд байхад өтгөнөө гаргах хүсэл төрөхгүй байх тохиолдлууд байдаг юм билээ. Үүний тухай тайлбарлаж өгөөч?

-          Өвчний шалтгаантай л даа. Хавдрын үед байж болно. Мөн бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, шарх, нарийсал зэрэг өвчний үед олон хоногоор бие засах хүсэлгүй байдаг. Бас архаг өтгөн хаталт эмэгтэйчүүдэд их тохиолддог. Эмэгтэйчүүдийн эрхтний доор бөглөрөх, шулуун гэдэс цүлхийх үед ч энэ мэдрэмж, шинж тэмдэг илэрдэг. Үүнийг оношлох бас мэдрэл сэдээх аппарат байдаг. Тэрхүү аппаратыг үнэтэй, үр дүн удаан хугацаанд гардаг гэсэн шалтгаанаар манай өвчтөнүүдэд хэрэглүүлэхгүй байна. Одоогоор ийм боломж бүрдээгүй гэсэн үг.

-          Өтгөн цустай гарах нь юуны шинж билээ?

-          Энгийн боловч яаралтай үзүүлэх ёстой шинж тэмдэг л дээ. Шамбрамын үед, хошногоны цууралт, хавдар гэх мэт олон өвчний үед гардаг л даа. Хүчтэй дүлэлтийн үед ч гардаг. Өтгөн хатдаг хүмүүсийн 80 хувьд нь шамбрамын өвчин байдаг.

-          Заа баярлалаа, ингээд бидний ярилцлага дуусах гэж байна. Та ярилцлагын төгсгөлд манай уншигчдад өтгөн хаталтаас сэргийлэх болон гэрийн нөхцөлд эмчлэх, хэзээ нь эмнэлэгт очих тухай заавар, зөвлөгөө өгч болох уу?

Эслэг ихтэй хоол хүнс буюу ногоон ногоо, арвайн гурил идэж, илүү юмгүй хар цай, хярамыг их уух хэрэгтэй. Явган явбал сайн хөдөлгөөн болно. Болж өгвөл аарцгийн дасгал хий. Тогтмол хийвэл үр дүнд хүрнэ. Хэд хоног энгийн байж байгаад гэнэт хатсан бол сүүлийн хэдэн хоногт юу идсэн тэр зүйлийнхээ хэрэглээг багасгах хэрэгтэй. Үйлдвэржилт хөгжсөн орнуудаас боловсруулсан бүтээгдэхүүн их хэрэглэх болсноор гэдэсний хөдөлгөөнийг сул болгодог. Уух эмийн хувьд гэдэсний хөдөлгөөн сайжруулдаг л эм уух нь зөв. Амьдралын зөв хэвшилд шилжвэл ялж дийлнэ дээ. Цуйван, бууз, хуушуур идэж болох уу?  гэвэл болно гагцхүү хэт их биш зөв зохистой хэрэглэж болно. Үнэхээр л өөрийн амьдралын хэв маягаар өтгөнөө хэвийн байлгаж чадахгүй бол заавал.

Л. Мажиггарав

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Т. ДЭЛГЭРМӨРӨН ДОРНОГОВЬ АЙМАГТ "ХАЙРТАЙ ШҮҮ ЭЭЖЭЭ" ТАЙЛАН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Дуучин

Зөвшөөрөлгүй, хуучирсан самбаруудыг буулгаж, зүг чигийн мэдээлэлтэй самбарыг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй ба

Зогсоолын тоог бууруулж, наадамчдыг нийтийн тээврээр зорчуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос өнөөдөр /2022.07.07/ мэдээлэл хийлээ.Гадаадын болон дотоодын 1000 гаруй сурвалжлагчид хүсэлт гаргасан