loader
Тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн Иран эмэгтэйчүүд

Тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн Иран эмэгтэйчүүд

Иран улс улс төрийн эмх замбараагүй байдал, иргэдийн жагсаал цуглаан дунд үймж байна. 22 настай Махса Амини нэртэй эмэгтэйг хижаб буюу толгойн алчуур зүүж яваагүйнх нь төлөө баривчилж, улмаар бүсгүй амиа алдсан явдал саяхан гарлаа. Энэ явдлаас улбаалан эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө босов. Жагсаал олон хотыг хамарч, 17 хүн амь үрэгдээд байна. Мөн Курдын муж даяар 733 хүн шархдаж, 600 гаруй хүн баривчлагдлаа. Хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, амь үрэгдэгсдийн тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. Эрх баригчид мөнөөх л харгис хэрцгий, системтэй хэлмэгдүүлэлтийн арга барилаа ашиглаад буй. Тухайлбал, аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчид руу буу, усан буугаар буудаж, бороохой ашиглаж байна.

Мөн гар утас, интернетийн хэрэглээг эрс хязгаарлав. Эсэргүүцэл эхэлснээс хойш интернетийн үйлчилгээ үзүүлдэг гурван үндсэн операторын үйл ажиллагааг эрс хязгаарлаж, “WhatsApp”, “Instagram” зэрэг платформуудыг хаажээ. Эсэргүүцэгчдэд дэмжлэг үзүүлэх, өрнөж буй үйл явдлыг хянахын тулд эдгээр платформыг иргэд өргөнөөр ашиглаж байсан.

Тегеран хотод шөнийн цагаар цахилгаан тасарсан явдал ч гарчээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн хамгийн ширүүн өрнөж байсан хорооллуудын гудамж бүхэлдээ харанхуйлсан гэж оршин суугчид мэдээлэв.

Иранд сүүлийн жилүүдэд олон ч эсэргүүцлийн жагсаал болсон хэдий ч энэ удаагийнх хэд хэдэн шинэлэг талтай байлаа. Үндсэн гурван шинэлэг талыг “The conversation” хуудас онцлов.

ОЛОН НИЙТИЙН ДЭМЖЛЭГ

Сүүлийн жагсаалын хамгийн гол цөм нь хувцаслалтын талаарх хатуу дүрэм журам байв. Тус улсын ёс суртахууны цагдаа нар Махса Аминиг хижабаа хэт задгай өмссөн гэж баривчилсан. Түүнийг зодуулсны улмаас нас барсан гэж гэрийнхэн нь үзэж байна. Гэвч уг гомдлыг засгийн газар болон цагдаа нар хүлээн зөвшөөрөөгүй. Ямартай ч энэ хэрэг олон нийтийн дургүйцлийг өдөөж, жагсаал цуглаан өрнөлөө.

Жагсагчид эмэгтэйчүүдэд юу өмсөхөө сонгох эрхийг нь олгохыг шаардаж байна. Хүмүүсийн хувийн шийдвэрт засгийн газар хөндлөнгөөс оролцож байгаа нь гал дээр тос нэмсэн явдал болсон юм.

Амьдралын хатуу хэв маяг бүхий нийгмийн зохицуулалт 1980-аад оноос Иранд хэлбэржсэн. Тухайн үед эрх баригч лам нар сөрөг хүчний бүлгүүдийг устгах замаар эрх мэдлээ баталгаажуулж байв. Засгийн газар иргэдийнхээ хувийн амьдралд одоогийнхоос хамаагүй өргөн цар хүрээтэй оролцдог байжээ. Тухайлбал, гэрт нь видео магнитофон, хиймэл дагуулын антен хүртэл тавьдаг байсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр хатуу хязгаарлалт харьцангуй суларчээ. Харамсалтай нь эмэгтэйчүүдийн хувьд маш их дүрэм журамтай хэвээрээ, ялгаварлан гадуурхалт багасахгүй л байсаар. Зарим зүйлийг засгийн газраас хатуу мөрдүүлсээр л байна.

Ираны засгийн газар эмэгтэйчүүдийн үндсэн эрхийг үгүйсгэдэг. Толгойн алчуур буюу хижабны маргаан нь үүний нэгэн тод илрэл. Хувцаслалтын дүрэм журам нь гутаан доромжилсон утга агуулгатайгаас гадна эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралыг ихээхэн хүндрүүлдэг аж. Өнөөдөр Иран улсад дарамт шахалтад өртөж үзээгүй хүнийг олоход нэн бэрхшээлтэй байна.

Тийм учраас энэ удаагийн жагсаалыг дэмжиж буй хүмүүсийн тоо маш олон байна. Том, жижиг, баян, ядуу гэлтгүй бүх л хот тосгонд эсэргүүцлийн жагсаал өрнөв.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УДИРДЛАГА ДООРХ ЖАГСААЛ

Иранд болж байсан өмнөх жагсаалуудаас ялгаатай нь энэ удаагийн жагсаалыг эмэгтэйчүүд удирдаж байна. Мэдээж энэ удаад эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар жагсаж буйтай энэ нь холбоотой. Өмнөх жагсаалууд эдийн засаг, улс төрийн өргөн цар хүрээтэй асуудлуудад төвлөрч байв.

ЭСЭРГҮҮЦЛИЙН ХУРЦ ХЭЛБЭР

Иран улсад ямар нэг байдлаар эсэргүүцэл илэрхийлэх нь тун эрсдэлтэй. Гэвч энэ удаад жагсагчид урьд өмнө байгаагүй туйлын зоригтой үйлдлүүд хийж байна. Тухайлбал, эмэгтэйчүүд гудамжинд хижабаа тайлж, шатаалаа, зарим нь олны нүдэн дээр үсээ тайрлаа. Бичлэгүүдээс харахад цагдаа нар жагсагчдыг тараахад хүндрэлтэй байгаа нь ч ажиглагдсан. Жагсагчид ер бусын зоригтой байж, цагдаа нарыг түлхэж унагааж буй нь ч харагджээ. Үндсэндээ жагсаалуудын цар хүрээ, уур хилэн ер бусын байсныг “The conversation” хуудас онцолж байна. ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ ӨӨРЧЛӨЛТ АВЧРАХ УУ?

Одоохондоо үүнийг таамаглаж хэлэхэд эрт. Ираны эрх баригчид олон нийтийн шаардлагад захирагдах хүсэл сонирхолгүй байгаагаа олон удаа илэрхийлсэн. Жагсагчдад нэг удаа нүүр өгчихвөл цаашид дахин шаардлага тавьж, өөрсдийг нь уналтад хүргэж болзошгүй гэж тэд үзэж байна. Түүнчлэн энэ удаагийн жагсаал ямар нэгэн хөдөлгөөн, бүлэглэлтэй уялдаа холбоо байхгүй. Нэгдсэн удирдлага, арга зүйн зохион байгуулалтгүй байгаа нь эрх баригчдад саад учруулж байна. Жагсаал үр дүнгээ өгсөн ч бай үгүй ч бай, засгийн газар асар их төлөөс төлж буй нь тодорхой. Гадаад болон дотоодод аль хэдийнэ суларсан байсан Исламын бүгд найрамдах улсын хууль ёсны байдалд эдгээр эсэргүүцэл хамгийн ихээр нөлөөлж буй нь ойлгомжтой.

Хэрхэн хувцаслах, гэр орондоо юу хийх, юу ууж идэх зэргийг зохицуулдаг шашны өргөн цар хүрээтэй хязгаарлалтыг халахыг иргэд уриалж байна.

Иран эмэгтэйчүүд 1981 оноос хойш их бага хэмжээгээр эсэргүүцлээ илэрхийлсээр ирсэн. 31 настай Вида  Мовахед нэртэй бүсгүй 2017 онд гудамжид хижабаа тайлж, алчуур болгон даллаж байв. Дараа нь 2019 онд 29 настай Сахар Ходаяри гэх эмэгтэй эрчүүдийн хөлбөмбөгийн тэмцээнд нууцаар орсныхоо дараа баривчлагдаж, улмаар өөрийгөө шатаасан. Ираны засгийн газар олон улсын хөлбөмбөгийн эрх баригчдын шахалтаар дараа нь хуульдаа өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийг тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн юм.

Ираны нэрт хуульч Насрин Сотудех мөн онд толгойн алчуураа тайлсан эмэгтэйчүүдийг өмгөөлснийхөө төлөө 38 жил шоронд хоригдож, 148 ташуурдуулах ял сонсож байсан гашуун түүхтэй ажээ.