loader
Монгол Улс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна

Монгол Улс хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлээд байна

   Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад албан ёсны уулзалтууд хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сард Япон Улсад айлчлахдаа хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах технологи нэвтрүүлэхэд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт татах, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад хамтран ажиллахаар ярилцсан. Энэ хүрээнд Кобэ хотод үйл ажиллагаа явуулж буй “Kawasaki Heavy Industries” компанийн хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авах туршилтын төсөл, ус төрөгчийн жижиг оврын цахилгаан станц, далайн тээвэрлэлтийн зохион байгуулалт, хадгалалтын үйл явцтай танилцлаа.
“Kawasaki Heavy Industries” компани Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй дэлхийн дулаарлын эсрэг нүүрсхүчлийн хийг бууруулах, улмаар тэглэх бодлогыг дэмжин ажилладаг. 2015 оноос Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус улсын Викториа мужид хүрэн нүүрснээс устөрөгч гарган авч, шингэн төлөвт шилжүүлэн далайгаар Япон Улс руу тээвэрлэх туршилтын төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Австралийн Викториа мужийн  “”Latrobe Valley” орд газраас хүрэн нүүрс олборлож, тусгай байгууламжид ус төрөгчийг цельсийн -253 хэмд хөргөж 1/800 болтол агшаан 9000 километрт далайгаар 21 хоног тээвэрлэн Кобэ боомтод авч ирдэг. Улмаар Кобэ боомтод тусгайлан байгуулсан агуулахад ус төрөгчийг хадгалж цахилгаан станцад нийлүүлж байна.